АНУ-ын Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд орших Ruden хэмээх өндөр барилгад энгийн иргэд рүү гал нээсэн зэвсэгт халдлага гарсны улмаас 4 хүн амь үрэгджээ.
Хотын цагдаагийн газраас мэдээлснээр зэвсэгт этгээд тухайн барилга руу байлдааны зориулалттай автомат буу барин алхан орж, барилгын лобби хэсэг болон дээд давхрын оффисын хэсэгт гарч гал нээн шүршиж эхэлсэн байна.
Халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дунд Нью Йорк хотын цагдаагийн албан хаагч Дидарул Ислам багтсан бөгөөд Бангладеш улсаас АНУ-д цагаачлан ажиллаж, амьдарч байсан тэрээр эхнэрийн хамт гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байхдаа амиа алдсан байна.
Нью Йорк хотын эрх баригчдын зүгээс түүнийг “баатарлаг байдлаар амиа алдсан” хэмээн хэлсэн байна.

Цагдаагийн газраас хэргийн сэжигтэнг 27 настай Шейн Девон Тамура гэгч болохыг олж тогтоосон байна. Тэрээр Лас Вегас хотоос хол замыг туулан Нью Йоркт ирж, дээрх халдлагыг үйлдсэн бөгөөд халдлагын дараа цагдаа нар түүнийг “амиа егүүтгэсэн” байдалтай олсон гэжээ.
Мөн түүний автомашинаас олон тооны сум олдсон байна.
Шейн Девон Тамура нь Невада мужид галт зэвсэг эзэмших эрхтэй байснаас гадна “сэтгэцийн эрүүл мэндийн түүхтэй” байсан бөгөөд түүний уг хэргийг үйлдэх болсон сэдэл, шалтгаан одоогоор тогтоогдож, тодорхой болоогүй байна.