Шведийн нийслэл Стокгольм хотноо хоёр өдрийн турш үргэлжлэн зохиогдсон Америк-Хятадын худалдааны ээлжит яриа хэлэлцээ мягмар гарагт өндөрлөсөн байна.
Талууд өнгөрсөн 5-р сард харилцан ногдуулсан зарим тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоосон бөгөөд дээрх хугацаа дуусахаас өмнө буюу ирэх сарын 12-ноос өмнө амжиж худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахыг оролдож байгаа юм.
Энэ удаагийн хэлэлцээнд оролцсон Хятадын худалдааны төлөөлөгч Ли Чэнган хэлэхдээ, уулзалт “үр бүтээлтэй” явагдсан бөгөөд хоёр тал тарифыг түр зогсоосон дээрх 90 хоногийн хугацааг сунгаж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэв.
Мөн тэрээр хоёр талын эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний багууд байнга ойрын харилцаа холбоотой байж, мэдээллүүдээ солилцох болно гэдгийг нэмж хэлсэн байна.
Харин уулзалтад АНУ-ын талыг тэргүүлэн оролцсон тус улсын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент хэлэхдээ тарифыг түр зогсоосон хугацааг сунгах эсэх дээр Америкийн тал хараахан шийдвэр гаргаагүй байгаа ба эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч Д.Трамп гаргах болно гэдгийг тодотгожээ.
Тэрээр мөн Стокгольмын уулзалт “маш үр бүтээлтэй” явагдсан гэдгийг онцолсон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Америк, Хятадын худалдааны төлөөлөгчид мөн уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, газрын ховор элементийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээс гадна Хятадын ОХУ болон Ирантай харилцах харилцааны асуудлаар ярилцжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн Шотландаас нутаг буцах замдаа хийсэн мэдэгдэлдээ Хятадтай хийсэн яриа хэлэлцээ маш сайн болсныг хэлж, лхагва гарагт түүнд хэлэлцээний талаар тайлагнах болно гэжээ.
Шведийн нийслэл Стокгольм хотноо хоёр өдөр явагдаж өндөрлөсөн энэ удаагийн уулзалт нь Америк-Хятадын хооронд өнгөрсөн 4-р сараас хойш хийгдэж буй 3 дахь шатны худалдааны яриа хэлэлцээ байлаа.