Д.Трамп: АНУ Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд 15%-ийн тариф ногдуулна


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Солонгосын импортод 15%-ийн тариф ногдуулна хэмээн лхагва гарагт мэдэгдсэн байна.

Тэрээр тус улсад ногдуулахаар болоод байсан өндөр тарифаас сэргийлэх үүднээс хоёр тал “иж бүрэн худалдааны гэрээ” байгуулахаар болсныг цухас дурьджээ.

Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “АНУ БНСУ-тай Иж бүрэн худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсоныг зарлан мэдэгдэхэд таатай байна” хэмээн бичсэн байна.

Ийнхүү Трампын дэлхийн улс орнуудад боломж олгох үүднээс тогтоосон худалдааны гэрээ байгуулах хугацаа дуусгавар болохоос нэг хоногийн өмнө Өмнөд Солонгос улс АНУ-тай тохиролцоонд хүрч, худалдааны хэлэлцээр байгуулахаар болсон байна.

Эцсийн хугацаа болох 8-р сарын 1-нээс өмнө амжиж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд БНСУ 25%-ийн тарифтай нүүр тулах байсан юм.

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюн уг гэрээг “бусад томоохон эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад илүү дээр биш юм аа гэхэд эн тэнцүү худалдааны хэлэлцээр болсон” хэмээн тодотгожээ. Үүний өмнө АНУ Япон болон ЕХ-той мөн л 15%-ийн тариф ногдуулах худалдааны гэрээг байгуулсан билээ.

Худалдааны хэлэлцээрийн дагуу Өмнөд Солонгос улс АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт (Трампын сонгосон төсөл хөтөлбөрүүдэд) хийж, Америкаас 100 тэрбум ам.долларын өртөг бүхий шингэрүүлсэн байгалийн хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авах болно гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп онцоллоо. Мөн тэрээр Өмнөд Солонгос улс Америкт үйлдвэрлэсэн суудлын болон ачааны автомашин, ХАА-н бараа бүтээгдэхүүн зэргийг өөрийн зах зээлд нэвтрүүлж, Америкийн бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Д.Трамп мөн БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюнийг ойрын хоёр долоо хоногийн дотор Вашингтонд айлчилж, түүнтэй албан ёсны уулзалт хийх болно гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сард Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүнээр сонгогдсон И Жэ Мюн болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын анхны уулзалт болох юм.

Трамп мэдэгдэлдээ Сөүлийн зүгээс АНУ-д “үлэмж их хэмжээний” хөрөнгө оруулалтыг давхар нэмж оуулахаар болсныг цухас мэдэгдэж, дээрх нэмэлт хөрөнгө оруулалтыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр албан ёсоор зарлах болно гэжээ.

Ази тивдээ эдийн засгаараа 4-т жагсдаг БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюний хувьд АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулж чадсан явдал нь түүний улс төрийн замналын нэгэн томоохон ялалт болоод байна.

Тэрээр хэлэлцээрийн талаар өөрийн фэйсбүүк хуудсанд нийтлэхдээ “Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай засгийн газар экспортын нөхцөл байдлыг тойрсон тодорхойгүй байдлыг үгүй хийж, бусад томоохон эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад манай улсын экспортод ногдуулах АНУ-ын тарифын хэмжээг доогуур биш гэхэд эн тэнцүү болгож чадлаа. Энэ нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбараа сэргээх ашиг сонирхол болон Солонгосын компаниудын Америкийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх бидний шийдэмгий байдлыг илэрхийлж байна” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *