Мягмар гарагт Украинд үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 25 хүн амь үрэгдсэн байна.
Украины Запорожье мужийн Биленке хэмээх шорон агаарын цохилтод өртсөний улмаас 16 хоригдол амь үрэгдэж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн бол Харьковын ойролцоох Новоплатонивка тосгонд хүмүүнлэгийн тусламжийн барааны дараалалд зогсч байсан хүмүүс агаарын цохилтод өртсөний улмаас 5 хүн амь үрэгдсэн байна.
Днепропетровск мужийн Камианске хотын эмнэлэг мөн агаарын цохилтод өртөж, 3 хүн амь үрэгдсэний дотор 23 настай жирэмсэн эмэгтэй багтжээ.

Тэгвэл мягмар гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-д гал зогсоох тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг зааж өгсөн байна.
Тэрээр Оросын Украинд үзүүлсэн агаарын цохилтын дараагаар хийсэн мэдэгдэлдээ ирэх сарын 8-ны өдөр ОХУ-ыг Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг тулган шаардаж, эсрэг тохиолдолд эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ, нэмэлт тарифтай нүүр тулах болно гэдгийг анхаарууллаа.
Украины ерөнхийлөгч В.Зеленский Запорожье хотын шоронг зориудаар онилсон хэмээн Оросын талыг буруутгасан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг үгүйсгэж, “Оросын арми иргэний дэд бүтцийг байгаа болгон онилж довтолдоггүй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Энэ үеэр мөн Украины зүгээс Оросын Ростов мужид олон тооны дроноор довтолсны улмаас Салск хотод нэг хүн автомашиндаа амь үрэгдэж, ачааны вагон шатсан талаар Оросын эрх баригчдын зүгээс мэдэгдсэн байна. ОХУ-ын Белгород мужид өөр нэг хүн мөн л автомашинтай явж байгаад амь үрэгдсэн гэжээ.