Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна. Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж, олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тус хурлын “Хямралт Дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлжээ.
Тэрбээр өөр өөрийн онцлог, соёл, уламжлал, зан заншил, үнэт зүйлийг бүрэлдүүлсэн улс орнууд шинэ дэг журмыг бий болгох үйл явцад тэгш оролцож, олон тулгуурт дэлхий ертөнцийг цогцлоох ёстойг онцлов. Мөн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, зарчим баримталдаг Монгол Улс аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын оролцоо, манлайлал чухал болохын хувьд Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлж, нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог тэгш хангахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг танилцууллаа.
Энэхүү шинэчлэлийн дүнд эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон нь Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн зорилтод дөхөж буйг тэмдэглэж хэлэв. Мөн УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачилж, үр дүнд нь хүний эрхийг хангасан, хууль засагладаг, ардчилсан нийгмийн суурь улам батжина гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
