Монгол хүн Дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав


Хонг Конг Улсад 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан, улирлын өмнөх олон улсын нөхөрсөг тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

Тодруулбал нөхөрсөг тоглолтуудад Европ тивийн төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, олон сая хөгжөөн дэмжигчтэй Ливерпүүл (Liverpool FC), Арсенал (Arsenal FC), Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur), болон АС Милан (AC Milan) зэрэг клубүүд оролцсон юм.

07 дугаар сарын 26-ны өдөр болсон “Ливерпүүл vs АС Милан” тоглолт бол хөлбөмбөг сонирхогчдын дунд “сонгодог тулаан” хэмээн алдаршсан, Аваргуудын лигийн түүхэн өрсөлдөгчдийн дахин учрах мөч байлаа.

Харин 07 дугаар сарын 31-нд Английн хойд Лондонгийн нэр хүндтэй дерби тулаан “Арсенал ба Тоттенхэм Хотспурын” тоглолт болж, олон улсын хөлбөмбөгийн тавцанд онцгой анхаарал татсан үйл явдал болов.

Эдгээр нэр хүндтэй тоглолтуудад Монгол Улсыг төлөөлөн, МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн ажилтан Л.Цолмонбаяр оролцож, “Match Commissioner” буюу тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар томилогдон ажиллажээ.

Түүний хувьд шинээр баригдсан, 60,000 хүний багтаамжтай Хонг Конгийн Кай Так цэнгэлдэх хүрээлэнд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, дээрх хоёр өндөр түвшний тоглолтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан нь олон улсын хэмжээнд Монголын хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн чадвар, бэлтгэл, зохион байгуулалтын туршлагыг харуулсан тод жишээ болсныг онцолж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *