Лхагва гарагт Английн Бирминхэм хотноо домогт рок дуучин Оззи Осборн агсныг эцсийн замд нь үдэх ёслолын арга хэмжээ зохиогдсон байна.
Оззи Осборны гэр бүлийн гишүүд болно шүтэн бишрэгчид нь Бирминхэм хотын төвд орших Black Sabbath Bridge буюу дуучны хамтлагийн нэрээр нэрлэсэн гүүрэн дээр олон мянгаараа цугларч, цэцэг болон дурсгалын зүйлс тавьж, лаа асааж, хүнд метал хөгжмийг үүсгэн байгуулагчид хүндэтгэл үзүүлж, салах ёс хийж, түүнийг эцсийн замд нь үдсэн байна.


Энэ сарын эхээр Black Sabbath хамтлагийн “Back to the Beginning” хэмээх сүүлчийн тоглолтоо хийж, сонсогч фэнүүддээ сүүлийн удаа ая дуугаа хүргэсэн дуучин Оззи Осборн 7-р сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн юм.
Тэрээр тоглолтоос олсон 190 сая ам.долларын орлогоо бүгдийг нь Бирминхэм хотын хоёр хүүхдийн эмнэлэг болон Паркинсон өвчний эсрэг ТББ-д хандивласан билээ.
Нил ягаан өнгийн цэцэгсээр бүрхсэн талийгаачийн хайрцгийг хар өнгийн оршуулгын автомашинд тээвэрлэсэн байна. Нийт 6 автомашинаас бүрдсэн, цагдаагийн хамгаалалт бүхий Оззи Осборн агсны оршуулгын цуваа дээрх гүүрэн дээгүүр явж өнгөрөхдөө түр зогссон бөгөөд энэ үеэр түүний эхнэр Шэрон Осборн, хүүхдүүд болох Эйми, Жек, Келли нар цэцэг тавьж, эр нөхөртөө, аавдаа хүндэтгэл үзүүлж салах ёс хийсэн байна.


Black Sabbath хамтлагийн нэрэмжит гүүрэн дээрх энэхүү салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг талийгаачийн гэр бүлийнхэн хувиасаа санхүүжүүлсэн бөгөөд https://blacksabbathbench.co.uk/ вебсайтаар лхагва гарагт шууд дамжуулсан байна.
Grand Central Publishing хэвлэлийн газраас “Last Rites” хэмээх Оззи Осборны шинэ намтар номыг 10-р сарын 7-нд худалдаанд гаргахаар болсон байна.