Сурагчийн дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас гарсан болохыг албаныхан мэдээллээ. Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсыг поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгох, сургуулийн зөвлөл өөрсдөө сонгох боломжийг бий болгох зэргийг судалж, санал боловсруулах үүргийг өгч байсан юм. Монгол Улсад сурагчийн дүрэмт хувцсанд MNS 6814:2019 стандартыг мөрддөг. Тухайн стандартад сурагчдын дүрэмт хувцасны эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, материал, загвар гээд бүгдийг нарийн заасан байдаг байна.
Сурагчдын өмсөх хувцсыг нэр төрлөөр нь: Хүрэм, Жакет, Сарафан, Өмд, Юбка, Цамц, Ноосон цамц, Ноосон майк гэж ангилдаг. Уг стандартыг өөрчлөөгүй тохиолдолд ирэх хичээлийн жилээс сурагчид поло цамц өмсөх боломжгүй юм.
Сурагчийн дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийх үүрэг бүхий ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10,107 сурагч, эцэг эх, багш ажилтан ирэх хичээллийн жилээс эхлэн поло цамцыг дүрэмт хувцасны нэр төрөлд оруулах эсэх талаар судалгаанд хамрагджээ. Судалгааны үр дүнд поло цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна. Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ.