Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгаж эхэллээ


Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэлжээ.

Тодруулбал нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын хог хаягдлыг гарган авч, Биокомбинат дахь үйлдвэр рүү тээвэрлэх замаар 7-10 хоногт буулгаж дуусах аж.

Буулгаж буй тус барилга нь 2023 онд улсын байцаагчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад орсон бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Засаг даргын захирамжаар албадан буулгах тушаал гарчээ.

Мөн Сэлбэ 20 минутын хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн барилга учраас ийнхүү буулгаж байгаа юм байна. Сэлбэ хотын нийт төслийн хувьд 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэн, хуулийн этгээд өртсөн. Өнөөдрийн байдлаар 195 нэгж талбайг л чөлөөлөх үлдсэн буюу нийт зөвшилцлийн ажлын 91 гаруй хувь нь биелж, газар чөлөөлөөд байна. Үлдсэн нэгж талбарын хувьд бичиг баримт зөрчилтэй, өмчлөгчийн асуудалтай зэрэг шалтгаанаар удаашралтай байгааг албаныхан онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *