АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп пүрэв гарагт дэлхийн олон улс оронд харилцан тэгш тариф ногдуулах зарлигт гарын үсэг зурсан байна.
Тэрээр улс орнуудад 10-41% хүртэлх харилцан адилгүй тарифыг ногдуулсан бөгөөд жишээлбэл Энэтхэг улсад 25%, Тайваньд 20%, ӨАБНУ-д 30%-ийн тариф ногдуулсныг Цагаан ордноос мэдээллээ.
Гэхдээ Цагаан ордны мэдэгдэлд улс орнуудад тогтоосон дээрх харилцан тэгш тарифыг заасан хугацаа буюу 8-р сарын 1 биш, харин 8-р сарын 8-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн дотоодын эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн импортын татварыг нэмэгдүүлэх протекционист бодлогын хүрээнд ЕХ, Вьетнам, Япон, Индонези, Филиппин, Өмнөд Солонгос, Мексик улсуудтай худалдааны хэлэлцээр байгуулж, Их Британитай худалдааны тохиролцоонд хүрсэн бол хойд хөрш Канад улстай хүрсэн тохиролцоогоо эцсийн байдлаар шийдвэрлээгүй учраас тус улсад 35%-ийн тариф ногдуулахаар болсон байна. Канадтай холбоотой энэхүү шийдвэр нь Канадын ерөнхий сайд Марк Карни-гийн Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай энэ долоо хоногт хийсэн мэдэгдлийн дараагаар шинэчлэгдэн гарсан шийдвэр байлаа.
Харин өмнө нь АНУ-тай худалдааны дайн өрнүүлж байсан БНХАУ-ын тухайд хоёр тал өнгөрсөн 5-р сард нэгдсэн тохиролцоонд хүрснээс хойш худалдааны асуудлаарх гурван ч удаагийн уулзалтыг зохион байгуулаад байгаа ба Вашингтоноос зааж өгсөн эцсийн хугацаа болох 8-р сарын 12-ны өдрөөс өмнө Хятад улс АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах ёстой байгаа юм. Эсрэг тохиолдолд Америкийн өндөр тарифтай нүүр тулах эрсдэл тулгараад байгаа билээ.
Хэдийгээр Трампын зүгээс АНУ-ын эдийн засгийг аврах цорын ганц арга бол худалдааны алдагдлыг бууруулж, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрүүдийн тоо болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тарифын бодлого гэж мэдэгдэж байгаа ч эдийн засагчдын зүгээс импортын татварыг нэмэгдүүлснээр дотоодын инфляцын түвшин огцом өсөх болно хэмээн анхааруулсаар байгаа юм.