Трамп Энэтхэг улсад 25%-ийн тариф ногдуулна


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25%-ийн тариф ногдуулж, зарим нэр төрлийн импортод 50 хүртэлх хувийн татвар хураахаар болж, мөн ОХУ-тай худалдаа хийсний төлөө “шийтгэл” ногдуулахаар болсон талаараа мэдэгдсэн байна.

Д.Трамп лхагва гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social хуудсанд энэ талаар нийтэлсэн бөгөөд Энэтхэг улсад ногдуулсан тарифын бодлогыг 8-р сарын 1-ний баасан гарагаас хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Хэдийгээр өнгөрсөн 4-р сард анх дэлхийн улс орнуудад ногдуулах “харилцан тэгш тариф”-ыг зарлаж байх үеээс хамаагүй буурсан тарифыг Энэтхэг улсад ногдуулахаар шийдвэрлэсэн ч Вашингтонтой урьдчилсан байдлаар худалдааны тохиролцоонд хүрээд буй Азийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм.

Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улс нь Трампын засаг захиргаатай өргөн хэмжээнд худалдааны яриа хэлэлцээ эхлүүлсэн анхны улсуудын нэг байсан ч ийнхүү хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй нь улмаас тус улс 25%-ийн тарифтай нүүр тулахаар болж, мөн одоогоор тодорхой болоогүй байгаа Трампын “шийтгэл”-ийг хүртэхээр болоод байна.

Д.Трамп мэдэгдэлдээ Энэтхэг улсыг үлэмж хэмжээний зэр зэвсгийн нөөцөө ОХУ-аас худалдаж авч бүрдүүлдэг, мөн Хятадын хамт ОХУ-ын эрчим хүчний хамгийн том импортлогч гэдгийг онцолж, Оросын Украинд хийж буй түрэмгий дайнд дэмжлэг үзүүлж байгаа шалтгаанаар Хятад, Энэтхэг улсуудыг буруутгажээ.

Гэхдээ АНУ, Энэтхэгийн худалдааны хэлэлцээ үргэлжилсээр байгаа бөгөөд Трампын зүгээс “хэлэлцээнээс гарах үр дүнг харна” гэсэн бол Энэтхэг улсын зүгээс “шударга, тэнцвэртэй, харилцан ашигтай хоёр талын худалдааны хэлэлцээрийг байгуулахын төлөө яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах болно” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч дээрх мэдэгдлийнхээ дараахан Энэтхэгийн өрсөлдөгч Пакистан улстай тус улсын газрын тосны нөөцийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцоод байгаа талаараа мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар Трампын засаг захиргаа Их Британи, Вьетнам, Япон, Индонези, Филиппин улсууд, мөн 27 гишүүн орон бүхий ЕХ-той худалдааны гэрээ байгуулаад байгаагаа зарласан бол Өмнөд Солонгос улстай худалдааны тохиролцоонд хүрээд байна. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын худалдааны гурав дахь шатны яриа хэлэлцээг энэ долоо хоногт явуулаад байгаа бол Бразил улсад 50%-ийн тариф ногдуулна гэдгээ мөн зарлаад байна. Тэрээр өөрийн түнш болох Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро-г төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгаж байгаа шүүх үйл явцыг зогсоох зорилгоор Бразил улсад импортын өндөр татварын дарамт, шахалт үзүүлж эхлээд байгаа нь энэ юм.

Д.Трамп лхагва гарагт хийсэн өөр нэгэн мэдэгдэлдээ дэлхийн улс орнуудад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар олгосон, 8-р сарын 1-нээр дуусгавар болж буй хугацааг сунгахгүй гэдгээ дахин тодорхой илэрхийлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *