Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэж үзээд буй.
Эдгээр төслийг нийслэлээс 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлын тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан.
Тэгвэл тус компанитай гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд хурдны зам барих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Тухайлбал, газар чөлөөлөлтөд БЗД-ийн нутаг дэвсгэрт 6, Баянголд 3, Хан-Уулд 15, СХД-т 91 нийт 115 нэгж талбар өртөж байгаа аж. Эхний ээлжийн ажил хийх 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлжээ. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа гэлээ.
Туулын хурдны замыг 2028 оны наймдугаар сард ашиглалтад оруулна хэмээсэн. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилж, олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
