Австралийн Сидней хотын гүүрэн дээр Палестиныг дэмжигчдийн жагсаал болов


Ням гарагт австралийн Сидней хотын Харбор гүүрэн дээр Палестиныг дэмжигч олны жагсаал зохион байгуулагдлаа. Жагсаалын үеэр Харбор гүүрэн дээрх хөдөлгөөн хаагдахад хүрсэн байна.

Палестиныг дэмжигч олон мянган хүн оролцсон уг жагсаалд мөн өнгөрсөн жил Их Британийн шоронгоос суллагдаж, төрөлх Австралидаа нүүж ирэн амьдарч байгаа WikiLeaks вебсайтыг үндэслэгч Жулиан Ассанж ирж оролцсон байна.

Тэрээр Палестины төлөөх жагсаалд гэр бүлийн гишүүдийн хамт ирж оролцсон бөгөөд цугларсан олны өмнө болон хэвлэлд ямар нэгэн байдлаар үг хэлж, ярилцлага өгөөгүй байна.

Түүнчлэн ням гарагийн жагсаалд Австралийн гадаад хэргийн сайд асан Боб Карр, Нью Саут Уэлльс мужийн сенатч Мехрин Фаруки, парламентын гишүүн Эд Хусич зэрэг улс төр, нийгмийн салбарын олон нэр хүндтэй хүмүүс ирж оролжээ.

Палестиныг дэмжигчид австраличууд хүчтэй салхи, хур бороог үл хайхран “галаа зогсоо”, “Палестиныг чөлөөл” хэмээн орилж, уриа лоозон барин жагссан байна.

Газын зурваст өрнөж буй дайн тулаан, хүмүүнлэгийн хямрал, өлсгөлөн, хүнс тэжээлийн дутагдлын улмаас өнгөрсөн сард Франц, Их Британи, Канад улсууд Палестиныг албан ёсоор улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэснээ зарласан.

Австрали улсын хувьд Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалсан ч хараахан Палестиныг улс гэж үзэх шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн долоо хоногт Израил-Палестины асуудлаар НҮБ-д зохиогдсон бага хурлын дараа гаргасан олон улсын хамтарсан мэдэгдэлд “хоёр улсын шийдэлд хүрэх чиглэлийн хүрээнд Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөх хүсэл сонирхол, эерэг эрмэлзэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн долоо хоногт 60 мянгыг давсан талаар Газын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бол Хамасын барьцаанд байгаа 49 хүний 27 нь хэдийнээ амиа алдсан хэмээн Израилын зэвсэгт хүчний зүгээс үзэж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *