Д.Трамп Цагаан ордонд 200 сая ам.долларын өртөг бүхий хүлээн авалтын танхим барина 


Цагаан ордныг өөрийн үзэмжээр тохижуулж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 200 сая ам.долларын өртөг бүхий асар том хэмжээтэй хүлээн авалтын танхимыг ордны зүүн жигүүрт барихаар болсон байна. 

АНУ-ын гүйцэтгэх засаглалын ордонд сүүлийн зуу гаруй жилийн хугацааны түүхэн дэх хамгийн том төслүүдийн нэгээр нэрлэгдэж буй уг бүжгийн талбай бүхий аварга том хүлээн авалтын танхимын талаар пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  

Түүний хэлснээр хүлээн авалтын танхим нь 8000 метр шоо дөрвөлжин талбайтай, 650 хүний суудалтай байх бөгөөд барилгын ажлыг ирэх 9-р сараас эхлүүлж, Трампын төрийн тэргүүнээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2029 оны 1-р сараас хамаагүй өмнө дуусах болно гэжээ.

Мөн уг хүлээн авалтын танхимын барилгын төсвийг ерөнхийлөгч Д.Трамп хувиасаа болон нэрсийг нь дурьдаагүй хандивлагчдаас бүрдүүлж, холбооны буюу улсын төсвөөс нэг ч доллар гаргахгүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Харин энэхүү аварга том хэмжээтэй хүлээн авалтын танхимыг барихаар болсон шалтгааныг Вашингтонд айлчилж буй гадаад улс орны төр засгийн удирдагчдыг хүлээж авах, төрийн ёслол, хүндэтгэлийн зоог барих зэрэгт зориулж тусгайлан барьж байгуулахаар болсныг онцоллоо. Өнөөдрийг хүртэл дээр дурьдсан арга хэмжээнүүдэд зориулж тухай бүр нь Цагаан ордны гадна талбайд том майхан, асар босгож буулгасаар ирсэн ажээ.

Керолайн Ливитт мэдэгдэлдээ “сүүлийн 150 жилийн турш АНУ-ын ерөнхийлөгч нар, Цагаан ордны албаныхан томоохон төрийн ёслолын арга хэмжээ зохион байгуулах цогцолбороор дутагдаж ирсэн” гэсэн байна. 

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “би аливаа зүйлийг бүтээж босгохдоо их сайн, бид энэхүү хүлээн авалтын танхимыг маш түргэн хугацаанд барьж дуусгах болно, гайхалтай хүлээн авалтын танхим болох болно” гэжээ. 

Трампын санаачилсан Цагаан ордны хүлээн авалтын танхимын зураг төслийг Цагаан ордны вебсайтад нийтэлсэн байна. 

Тэрээр нийслэл Вашингтон хотноо байрлалтай McCrery Architects хэмээх компанийг сонгож, хүлээн авалтын танхимын төслийг удирдуулахаар болсон бол барилгын ажлыг Clark Construction, инженерчлэлийн ажлыг AECOM компаниуд хариуцан гүйцэтгэхээр болжээ.

Д.Трамп 1-р сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөн албандаа орж, Цагаан ордонд нүүж ирснээсээ хойш Цагаан ордонд олон өөрчлөлтүүдийг өөрийн үзэмжээр хийсээр байгаа юм. 

Тэрээр Цагаан ордны Зууван танхимд олон тооны өөрчлөлт хийж, ордны хойд болон өмнөд зүлгэн дээр АНУ-ын туг далбааг мандуулсан асар том хоёр шонг шинээр зоож босгосноос гадна яг одоо түүний хүсэлтийн дагуу Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хүрээлэнг гантиг чулуун хавтангаар шаллаж дуусч байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *