Йеменийн эргийн дагуу усан онгоц осолдсоны улмаас 68 цагаач амь үрэгджээ


Ням гарагт Йеменийн эргийн дагуух тэнгисийн усанд цагаачдыг тээвэрлэж явсан жижиг усан онгоц осолдсон улмаас наад зах нь 68 хүн амь үрэгдэж, 74 хүн сураггүй алга болсон талаар НҮБ-ын цагаачлалын агентлагийн зүгээс мэдээллээ.

Йеменийн өмнөд хэсгийн Абян мужийн эргийн дагуу болсон энэхүү золгүй ослын үеэр ердөө 12 хүнийг аварч чадсан ч олон арван хүн сураггүй болсныг орон нутгийн эрх баригчдын зүгээс мэдээлжээ.

НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс мэдээлснээр ослын улмаас амь үрэгдэгсдийн дийлэнх нь Этиоп улсын иргэд байсан гэнэ.

Тус байгууллагын тэргүүн Абдуссатор Эсоев ослын талаар Америкийн “Ассошиэйтэд Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа тухайн жижиг усан онгоцонд Этиоп улсын 154 иргэн зорчиж явсан ба 12 хүний амийг аварч, 68 хүний цогцсыг олсон талаар мэдээлсэн байна.

Жил бүр Африкийн улс орнуудаас олон арван мянган цагаач Сомалийн хойг болон Йеменийн эргээс усан онгоцонд сууж, Саудын Араб болон Персийн булангийн орнуудад очиж ажиллахаар явдаг байна. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр Африкийн орнуудаас Йемен улсаар дамжин Арабын орнууд руу зорчих хууль бус цагаачдын тоо хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэжээ. Өнгөрсөн жил Йеменд 60 мянга гаруй Африкийн цагаач ирсэн талаар тус агентлаг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *