Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив улсын нийслэл Сукре хотод болж буй.
Уг олимпиадад Дэлхийн 87 орны 330 сурагч программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн байгаа юм.
Тэгвэл энэхүү олимпиадад оролцож буй монголын багаас нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Ирмүүн хүрэл медаль хүртжээ. Ингэснээр тэрээр олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байна.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Амарсанаа, Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт Эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Ирмүүн, “Нэст Эдукэйшн” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Эрхэм, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Түвшинбаяр нар оролцжээ.
Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авлаа.

Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд ажилласан байна.