ОХУ, БНХАУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт Япон тэнгист эхэлжээ


Ням гарагт Орос, Хятадын хамтарсан төлөвлөгөөт тэнгисийн цэргийн сургуулилалт Япон тэнгист эхэлсэн байна.

Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны хүрээний уг хамтарсан сургуулилтыг АНУ-ын эсрэг хоёр талын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн тэдний хүчин чармайлтын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведевийн өнгөрсөн долоо хоногт хийсэн цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний хооронд дайн гарч болзошгүй гэсэн Америкийн эсрэг мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тодорхой бүс нутагт хоёр цөмийн шумбагч хөлөг онгоцыг илгээснээ зарласнаас хоёр хоногийн дараа Орос, Хятадын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт эхэллээ.

Мягмар гарагийг дуустал үргэлжлэх хамтарсан сургуулилалтын үеэр далай тэнгис дэх агаарын довтолгоо эсэргүүцэх, шумбагч хөлөг онгоц эсэргүүцэх, байлдааны хөлөг онгоцноос их буугаар галлах, далай тэнгис дэх эрж хайх, аврах ажиллагааны сургуулилалтууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Хоёр улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтад Оросын тэнгисийн цэргийн флотын шумбагч эсэргүүцэх чадалтай аварга том байлдааны хөлөг онгоц оролцож байгаа бол Хятадын талаас агаарын довтолгоо, пуужин эсэргүүцэх чадалтай байлдааны хоёр хөлөг онгоцоо оролцуулж байгаа талаар Интерфакс агентлаг мэдээллээ. Мөн хоёр талын дизель хөдөлгүүртэй шумбагч хөлгүүд болон Хятадын аврах ажиллагааны зориулалттай хөлөг онгоц оролцож байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн 5-р сард Москва хотноо уулзахдаа хоёр талын цэрэг армийн хамтарсан сургуулилалтын тоо, цар хэмжээг өргөтгөхөө батласан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *