Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй.
Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм.
Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30смx60см болон 30смх30см хэмжээтэй хийх чадалтай. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байна. Харин явган замын эвдрэл багатай хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч, дүүргүүд шаардлагатай байршлуудаа гаргаж, явган замгүй газруудад шинээр зам тавина гэдгийг нийслэлийн зүгээс онцолж байгаа юм.


