Өнгөрсөн бямба гарагт Их Британийн нийслэл Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Oasis хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгч өндрөөс унаж нас барсан талаар BBC агентлаг мэдээллээ.
Лондон хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд 40 гаруй насны эрэгтэй өндрөөс унасан бэртлийн улмаас нас барсан болохыг дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч нар болон цагдаагийн албан хаагчид газар дээр нь тогтоосон байна.
Цагдаагийн газраас мөн өндрөөс унасан бэртлийн улмаас амиа алдсан эрэгтэйн энэхүү хэргийг мөрдөн шалгах ажлыг ойрын өдрүүдэд Эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэст шилжүүлэхээ мэдэгдсэн ч хэрэг явдлыг харсан гэрчүүдийг цагдаагийн байгууллагатай шууд холбогдохыг хүссэн байна.
Oasis хамтлагийн зүгээс мөн энэхүү золгүй явдлыг “цочирдож хүлээн авсан” бөгөөд хамтлагийн зүгээс талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна.
Хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс мөн талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
Oasis хамтлагийн хувьд 16 жилийн дараа эргэн нэгдэж, “Live ’25 World Tour” хэмээх дэлхийн аялан тоглолтоо өнгөрсөн сараас эхлүүлээд байгаа бөгөөд Их Британийн хотуудаар хийх тоглолтуудаа энэ сарын дундуур дуусган, үргэлжлээд Канад, АНУ, Мексик, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Аргентин, Чили, Бразил улсын хотуудаар 11-р сарыг дуустал аялан тоглох болно.