Даваа гарагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хилийн дагуу байрлуулсан, Умард Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг цацахад ашиглаж байсан олон тооны чанга яригчуудыг буулгах ажлыг эхлүүлсэн талаар тус улсын батлах хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Энэхүү арга хэмжээг БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюний хэрэгжүүлж буй хоёр Солонгосын хурцадмал байдлыг намжаахад чиглэгдсэн гадаад бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна.
И Жэ Мюн өнгөрсөн 6-р сард төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа хил дээр чанга яригчуудыг буулгаж, суртал ухуулгыг зогсоох тушаал өгч байсан бол Пхеньяны зүгээс ч мөн Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын чанга яригчуудаа унтраагаад байгаа юм.

Гэвч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Мэдээлэл, олон нийттэй харилцах департаментын дэд дарга Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ харилцаагаа сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй Өмнөд Солонгосын арга хэмжээ, байр суурь тус улсын сонирхлыг огтхон ч татахгүй, яриа хэлэлцээ хийх сонирхолгүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн билээ.
Умардын эсрэг чанга яригчуудаа буулгах ажлыг энэ долоо хоногтоо багтааж дуусгах талаар БНСУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа И Кён Хо даваа гарагт мэдэгджээ. Хоёр Солонгосын хилийн бүсэд ойролцоогоор 20 байршилд олон тооны чанга яригчуудыг зоосон байдаг ажээ.
Сөүлийн зүгээс хилийн дагуух чанга яригчуудаа буулгаж, суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоож байгаа явдалд Пхеньяны зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.