Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалтын төслүүд болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хороолол төслүүдийг 2025 онд дуусгах талаар талууд хэлэлцэв.
Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах хүрээнд нийгмийн барилга байгууламж, ажлын байр, үйлчилгээний байгууламж бүхий эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол болох “Залуус-1″ орон сууцны хороолол барих төслийг Хятадын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Түүнчлэн дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Хятадаас импортолж байгаа барилгын бараа, материалын дагалдах тохирлын гэрчилгээний баталгаажуулалтыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн байна.
