Өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Украины талаас үзүүлсэн дроны цохилтын улмаас Оросын Сочи хотын газрын тосны депод гал гарсан байна.
ОХУ-ын Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьевын мэдэгдсэнээр Украины дрон газрын тос хадгалж байсан цистерныг оносны улмаас гал гарсан бөгөөд нийт 127 гал сөнөөгч цаг хугацаатай уралдан ажилласнаар галыг ням гарагт унтрааж чадсан гэжээ.
Хар тэнгисийн эрэгт орших амралт зугаалгын Сочи хотод гарсан дээрх гал түймэртэй холбогдуулан богино хугацаанд нислэгүүдийг цуцлах арга хэмжээг авчээ.
Оросын эрх баригчдын зүгээс тус улсын Рязань, Пенза, Воронеж хотууд мөн Украины цохилтод өртсөнийг мэдээллээ. ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины талаас хөөргөсөн 93 дроныг Оросын агаараас хамгаалах систем устгаснаас 60 дрон нь Хар тэнгисийн бүсэд устгагдсан гэжээ.
Украины талаас дроны довтолгооны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин Оросын талаас Украины өмнөд хэсгийн Херсон хотын гол гүүрийг бөмбөгдсөний улмаас нэг хүн амь үрэгдсэн бол ойролцоох Миколаив хотод үзүүлсэн агаарын цохилтын улмаас 7 хүн бэртэж, олон арван байшин барилга эвдэрсэн байна.
Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдсэнээр Оросын талаас 76 дрон, 7 пуужин харваснаас 61-ийг нь амдан устгасан бол Оросын 16 дрон, 6 пуужин Украины 8 байршилд тусч, хохирол учруулсан гэв.
Оросын агаарын цохилтууд улам нэмэгдсээр байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг 8-р сарын 8-ны өдөр болгон тогтоож, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн дарамт шахалтаа нэмэгдүүлээд байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин буулт хийх төлөвгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.