Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар и-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ гэв.
Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж буй. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна хэмээн Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар онцоллоо.
Энэ хүрээнд Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзсан байна.