Нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч, Америкийн Boeing компанийн батлан хамгаалах салбарын хэлтсийн 3000 гаруй ажилтан даваа гарагт ажил хаялт зарлажээ.
АНУ-ын Миссури мужийн Сент Люис, Сент Чарльз хотууд болон Иллинойс мужийн Маскута хот дахь Boeing компанийн байлдааны зориулалттай сөнөөгч онгоцны үйлдвэрийн ажилтнууд ХАБЭА, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулж, цалингийн хэмжээгээ нэмүүлэх шаардлага тавин ажил хаясан байна.
Boeing компанийн 3200 орчим ажилтан ажил хаясан талаар Олон улсын машинистууд болон агаарын тээврийн салбарын ажилчдын холбооны зүгээс Х хуудсаар дамжуулан мэдээлжээ. Уг үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь батлан хамгаалах, агаарын тээвэр, усан онгоцны үйлдвэрлэл болон аж үйлдвэрлэл зэрэг салбарын 600 мянга гаруй ажилтанг төлөөлөн эрх ашгийг нь хамгаалдаг, Америкийн томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн нэг юм.
Хэдийгээр Boeing компанийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн ажилчдад 4 жилийн дотор цалин хөлсийг нь 20%-иар нэмэгдүүлж, ажлын цагийг уян хатан болгож, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх зэрэг саналуудыг багтаасан шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг танилцуулсан боловч F-15 сөнөөгч онгоц болон бусад байлдааны зориулалттай онгоцны үйлдвэрийн ажилчид шинэ хөдөлмөрийн гэрээг хүлээж аваагүй байна.

Компанийн зүгээс тавьсан саналыг хүлээж аваагүй ажилтнууддаа урам хугарч байна гэсэн мэдэгдлийг гаргажээ.
Энэ нь 1996 оноос хойш тус компанийн батлан хамгаалах салбарын хэлтсийн ажилтнууд ажил хаясан анхны тохиолдол болоод байна. Тухайн үед ажилт хаялт 3 сар гаруй хугацаанд үргэлжилж байжээ.
Boeing компани сүүлийн жилүүдэд нэлээд хямралтай нүүр тулгарсаар байна. 2018 онд Индонезид осолдсон Boeing 737 Max онгоцны ослоор 189 хүн, мөн тухайн жил Этиоп улсад осолдсон ижил загварын онгоцны ослоор 157 хүн амь үрэгдсэн. Өнгөрсөн жил Boeing 737 Max онгоцны ослын зориулалттай хаалга нислэгийн үеэр нээгдсэн үйл явдал болж байсан бөгөөд 2024 онд тус компани ердөө 348 онгоц захиалагчдад нийлүүлсэн нь ковидын цар тахлаас хойшхи хамгийн бага нийлүүлэлттэй жил болсон юм. Мөн өнгөрсөн жил тус компанийн иргэний зориулалттай онгоцны үйлдвэрийн 30 мянга орчим ажилтан ажил хаялт зарласан компанид олон тэрбум ам.долларын хохирол учруулж байсан бол энэ оны 6-р сард Энэтхэгт Boeing Dreamliner загварын онгоц осолдсоны улмаас 260 хүн амь үрэгдсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Boeing компани 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан бөгөөд 4, 5, 6-р сард тус компани 611 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь өмнөх эхний улирлын 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт болжээ.