Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно.
Анх 1981 онд АНУ-д болж байсан тус наадам өдгөө 12 дахь удаагаа болоход хоёр хоног үлдээд байна.
Олимпын бус төрлийн гэвч Дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзнэ.
Дэлхийн 114 улсын 4000 тамирчин чуулах “Дэлхийн спортын наадам”-д хүч сорих Монгол Улсын шигшээ баг тамирчдыг БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга хүлээн авч Монгол Улсын төрийн далбааг гардуулж амжилт хүсэв.
44 жилийн түүхтэй “Дэлхийн спортын наадам”- нь жендерийн тэгш оролцоог хамгийн сайн ханган зохион байгуулдаг томоохон наадмын нэг юм.


12 дахь удаагийн наадмыг хүлээн авагч БНХАУ-ын Чэндү хот баг тамирчдыг хүлээн авч тамирчдын хотхонд байрлуулж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгджээ.