Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт Медикал” эмнэлгийг хавдар судлалын үндэсний төвийн харьяанд албан ёсоор шилжүүлж, уг эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон өөрчлөн зохион байгуулах тогтоол гарсан. Ингэснээр жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурах давуу талтай юм.
Үүнээс гадна “Хөвсгөл, Булган аймгийн иргэд заавал хот руу хол зам туулж, хотод ирээд хавдрын эмнэлэгт хэвтэх гэж олон хоног хүлээдэг, эмчилгээнд орох гэж хэдэн сар дугаарладаг байдал арилна. Хойд бүсийн иргэд хавдрын эрт илрүүлэг оношилгоонд орж, хавдрын мэс заслын дараах шат дараатай эмчилгээгээ хийлгэх боломж бүрдэж байгаад баяртай байна хэмээн” Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Мөн өнгөрсөн хавар Булган аймагт хуралдсан Засгийн газрын бүсийн хэлэлцүүлэг хуралдаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нар дээрх саналыг гарган эрэмбэлүүлсэн нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгаад талархал илэрхийлье гэжээ.