ОХУ “Дунд тусгалт пуужингийн гэрээ”-г цаашид нэг талаас дагаж мөрдөхгүй гэв


ОХУ-ын ГХЯ даваа гарагт албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлж, тус улс “Дунд тусгалын пуужингийн тухай гэрээ”-ний хүрээнд хуурай газарт суурилсан дунд болон ойрын тусгалын пуужингийн системийг байрлуулахаас ганц талаасаа түдгэлзэж байсан хязгаарлалтаа цаашид үргэлжлүүлэн мөрдөхгүй гэжээ.

Дээрх мэдэгдэлд мөн Оросын талын удаа дараагийн сэрэмжлүүлгийг үл тоомсорлосны улмаас нөхцөл байдал Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт Америкт үйлдвэрлэсэн хуурай замын дунд тусгалын пуужингийн системийг бодитоор байршуулах чиглэл рүү шилжсэнийг цохон тэмдэглэж, ижил төстэй зэвсгийг байрлуулахыг ганц талаасаа хязгаарлаж байсан нөхцөл байдал алга болсон хэмээн Оросын тал үзэж байгааг тодотгож, Америк болон барууны бусад орнуудын пуужингийн байршуулалтын цар хүрээ, олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын орчин нөхцлүүдийг харгалзан ОХУ ямар хариу арга хэмжээ авахаа тодорхойлох болно гэжээ.

Түүнчлэн АНУ 2019 онд “Дунд болон ойрын зайн тусгалт пуужингийн гэрээ”-нээс нэг талын шийдвэрээр гарсантай холбоотойгоор Оросын тал уг гэрээгээр хориглогдсон, АНУ-д үйлдвэрлэсэн хуурай газарт суурилсан пуужингийн системүүд холбогдох бүс нутагт байрших хүртэл өөрийн ижил төрлийн зэвсгийг байрлуулахгүй байх сайн дурын хязгаарлалтыг олон удаа мэдэгдэж ирснийг дурьдаж, НАТО-гийн гишүүн орнуудад хандан “Дунд болон ойрын зайн пуужингийн гэрээ”-гээр хориглосон зэвсгийн системүүдийг байршуулахгүй байхыг уриалж, мөн Америкийн Ази, Номхон далайн бүс нутгийн холбоотнуудад хандан зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх Оросын хүчин чармайлтыг дэмжихийг уриалсан байна.

Мэдэгдэлд мөн “АНУ болон түүний холбоотнууд хуурай газарт суурилсан дунд тусгалын пуужингийн системийг Европ, Ази-Номхон далайн зэрэг дэлхийн олон бүс нутагт, тэр дундаа Оросын үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөө бүхий газруудад байрлуулах төлөвлөгөөг олон нийтэд зарлаж, байршуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулж буй нь олон баримтаар нотлогдож байна. Зарим улс орнууд зөвхөн Америкаас эдгээр зэвсгийг худалдан аваад зогсохгүй, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэхийг ч зорьж байна. Оросын үзэж байгаагаар, дээр дурдсан үйл ажиллагаанууд нь Оросын аюулгүй байдалд шууд стратегийн аюул занал учруулж, бүс нутаг болон дэлхий дахины тогтвортой байдалд ноцтой сөрөг үр дагавар авчрахын зэрэгцээ цөмийн зэвсэгтэй улс орнуудын хоорондын хурцадмал байдлыг улам хурцатгах эрсдэлтэй” гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдлийн төгсгөлд “Оросын талын хариу арга хэмжээний эцсийн шийдвэрийг АНУ болон бусад барууны улс орнуудын хуурай газарт суурилсан дундын тусгалт пуужингуудыг байршуулах цар хүрээ, түүнчлэн олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын салбарын нөхцөл байдалд хийсэн ерөнхий дүн шинжилгээнд үндэслэн ОХУ-ын удирдагч гаргах болно” гэсэн байна.

Түүхийн хуудсыг сөхвөл, “Дунд тусгалын пуужингийн тухай гэрээ”-г 1987 оны 12-р сард тухайн үеийн ЗХУ болон АНУ-ын хооронд байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээгээр 500-5500 км хүртэлх зайд тусах хүчин чадалтай хуурай газар болон далавчит ангиллын дунд тусгалын пуужингуудыг байрлуулахыг хориглох тухай гэрээ байсан юм. Харамсалтай нь АНУ 2019 онд уг гэрээнээс гарч байгаагаа зарласан бол ОХУ өнөөдрийг хүртэл дунд тусгалт пуужинг үйлдвэрлэж, байршуулах амлалтаа үнэнчээр биелүүлж ирсэн болохыг Оросын ТАСС мэдээллийн агентлаг онцлоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *