Хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт яриад, зөрчил илрүүлсэн хүнээ үүрэгт ажлаас нь чөлөөлөв


Өчигдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн эмнэлгийн талаар ноцтой мэдээлэл хийсэн. Үүний дараа тус эмнэлгийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй.

  Товчхондоо юу болсон талаар дурдвал СЭМҮТ-д 2024 онд АТГ-аас хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Ийн эхэлсэн уг хяналт шалгалт мөн энэ оны хоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжлэхэд СЭМҮТ-ийн удирдлагууд иргэдийн төлсөн 478 сая 970 мянган төгрөгийг өөрсдийн хувийн данс руу шилжүүлэн авсан, “Эрүүл-Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 70,7 сая төгрөгийг мэргэжлийн бус хүмүүст цалин хэмээн шилжүүлсэн гэх санхүүгийн зөрчил илэрсэн талаар мэдээлсэн.

   Гэтэл СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд Ж.Чинбүрэн сайдын мэдээлсэн санхүүгийн зөрчлийг үүрэгт ажлаа авсны дараа өөрөө гаргаж тавьсан хэмээн мэдэгдээд байна.

    Тодруулбал Г.Анхболд 2024 оны есдүгээр сард СЭМҮТ-ийн захирлаар томилогджээ. Ингээд 10-дугаар сарын 29-ний өдөр эхлэн хэвтэн эмчлүүлэх клиник тасгийн орны эргэлт төлбөр тусламж үйлчилгээнд хяналт шалгалт хийх удирдамжийг өөрөө батлан гаргасан бөгөөд нэг жилийн хугацаанд 156 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ. Улмаар уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж өгөөч хэмээн 2024 оны 11-дүгээр сарын 14-ний өдөр АТГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ руу явуулсан. Өмнөх удирдлагуудаас үүдсэн санхүүгийн зөрчлийг илрүүлж, шат шатны байгууллагад хандсан байхад өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна хэмээлээ.

Харин Ж.Чинбүрэн сайдын олон нийтийн өгсөн мэдээлэлд 2024 оны 11-дүгээр сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг ЭМЯ-д шалгахаар болсон гэж буй. Үүнээс үзэхэд СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболдыг ажлаа авч хяналт шалгалт хийх захирамж гаргаж, зөрчил илрүүлсний дараа 11-дүгээр сард АТГ-аас дээрх шалгалтыг үргэлжлүүлэн хийж өнөөдрийн дурдагдаад буй 478 сая төгрөгийн санхүүгийн зөрчлийг гаргаад байгаа юм.

    Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдын ажлаа аваад удаагүй буй. Түүнийг энэ албан тушаалд ирэхээс өмнө СЭМҮТ-д хяналт шалгалт явуулж байжээ. Тийм атал хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт олон нийтэд мэдээлэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ Эрүүл мэндийн сайд аа?

   Эрүүл мэндийн салбарт сүүлийн үед халаа, сэлгээний асуудал ихээр яригдах болсон. Өмнөх сайд асан Т.Мөнхсайханы ажлын хугацаанд улсын томоохон эмнэлгүүдийн захирлууд өөрчлөгдсөн. Харин Ж.Чинбүрэн сайд болсны дараа мөн л эмнэлгийн захирлуудын томилгоо өөрчлөгдөж байна. Өчигдөр гаргасан мэдээллийн дараа СЭМҮТ-ийн захирлыг Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Ууганцэцэгийг захирлаар томилоод буй. Ерөөсөө сайд солигдох бүр тухайн салбарын томилгоо өөрчлөгддөг нь хэвийн үзэгдэл шиг боллоо. Хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд ажилладаг эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад тогтвортой удирдлага, бодлого шийдвэр байж энэ салбарын асуудал шат шатандаа шийдэгдэх учиртай.

Харин манайд тогтвортой удирдлага, зөв менежмент ч алга. Салбарын сайд нь хүртэл бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр олон нийтэд мэдээлээд, зөрчил илрүүлсэн хүнээ үүрэгт ажлаас нь чөлөөлж байдаг. Эрүүл мэндийн салбар дахь халаа, сэлгээ, томилгоонууд эрээ цээрээ алдаад удлаа. Хэрхэх ёстой вэ?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *