Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам саяхан болсон. Наадмын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний багцаас 2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн” хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл тэрээр хэлсэн үгэндээ дараах тайлбарыг өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь ойлгомжтой байсан. Урьдаас төлөвлөж, бэлтгэгдсэн байсан. миний бие 2008 оноос хойш Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаагийнхаа хувьд 100 жилийн ойг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Мөн би 2009 онд Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг авсан. Ойг тохиолдуулаад нутгаа, аймгаа сурталчлаад авъя, манай аймаг аялал жуулчлалаараа ДНБ-д багагүй хэмжээнд нөлөөлж ирсэн учраас ойгоо тэмдэглэнгээ аялал жуулчлалын дэд бүтцийн асуудлаа давхар шийдчихье гэсэн зорилготой явсан.
Буруу ойлгосон хүмүүс байх шиг байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Увс аймгаас гаралтай хүмүүс, бизнес эрхлэгчид, аймагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бусад аймгийн хүмүүсээс 11 тэрбум төгрөг орчмын санхүүжилт гаргасан. Энэ бол хувийн санхүүжилт. Ойг зохион байгуулах комисс хэн гэдэг иргэнээс хэдэн төгрөгийн хандив ирсэн гэдгийг мэднэ. Бараг 3000 орчим хүн хандивт оролцсон байна лээ. Үүгээр ойн урсгал санхүүжилтийг санхүүжүүлсэн. Ямар ч ойг зохион байгуулахад бүтээн байгууллатын ажлын зорилго тавьдаг, ийм л зүйл хйисэн. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс хойш 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлуудыг хийж ирсэн.
Миний төсөв гээд ярьсан дээр хүлцэл өчих ёстой. Аймгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил гээд хэд хоног нойр муутай явж байгаад “Миний төсөв” гээд хэлчихжээ. Энэ бол Эрчим хүчний сайдын багц гэсэн үг. Би “миний багц” гээд хэлчихсэн юм. Улаангом сумын 2, 4, 11 дүгээр багт хэд хэдэн ажил хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, “Баруун тойргийн авто зам” нэртэй 2 км гаруй урттай замын ажилд 3.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлсэн. Энэ нь ойг угтан 90 хувьтай ашиглалтад орсон.
Хоёрдугаарт, дээрх багуудын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Өмнө нь хүчдэлийн уналттай холбоотойгоор “цай буцалдаггүй” гэх зэрэг гомдол тасрахаа байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд миний бие Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд хөөцөлдөж 2 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгуулсан. Би Эрчим хүчний сайд учраас эрчим хүчний багцад суусан нь үнэн. Энийгээ би “миний багц” гэж хэлсэнд хүлцэл өчиж байна. Ядаргаатай явж байхдаа ингэж хэлсэн” гэв.
