Боловсролын яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр багш нарын цалин, хөлсийг нэмэх талаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга дараах тайлбарыг хэллээ.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга: Багш нарын цомхотгол гэсэн ойлголт байхгүй. Багш нараа цомхотгож хасах байтугай багш нар илүү хэрэгтэй байгаа. 3000 багш хэрэгтэй. Бид боловсролын салбар луу багш нараа татахаар чармайж ажиллаж буй. Цомхотголын асуудал байхгүй. Багш нарын цалин бага байгаа нь үнэн. Үүнийг бүх шатандаа мэдэж байгаа. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ЕБС-д багшаар ажилд ороход 1.500.000 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Хөдөө орон нутаг арай гайгүй. Суманд багшаар ажиллавал 40 хувийн нэмэгдэлтэй.
Багш нарын цалинг нэмэхийн тулд яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ үндсэн цалинг нэмэх гэсэн бодлого барьж буй. Бид нар бүгдээрээ л нэммээр байна шүү дээ. Төрийн алба хаагчийн цалинг бүгдэд нь хамтад нь авч үздэг. Энэ бол ганц Боловсролын яамны асуудал биш. Монголчуудын бүгдийн асуудал болчхоод буй. Ирэх жилийг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Ингэж зарлаж байгаа нь боловсролын салбартаа байгаа мөнгөө гаргая гэсэн шийдвэр гарах ёстой. Өчигдрийн Засгийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 150 сая долларын зээл авах асуудлыг 200 сая доллар болгох, төрийн албанаас хэмнэсэн мөнгөө боловсролын салбарт оруулъя гэдэг байдлаар чармайж ажиллаж байна” гэв.