Д.Трамп Энэтхэгийн импортод ахин 25%-ийн тариф нэмж ногдуулав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн импортод ахин 25%-ийн тариф нэмж ногдуулах зарлигт гарын үсэг зурснаар Энэтхэгийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын тарифын хэмжээ 50% боллоо.

Трампын зүгээс Украины дайныг өндөрлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа бөгөөд Оросоос газрын тос худалдаж авдаг Энэтхэг улсад тариф тогтоосноор Орос, Энэтхэг улсуудад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхийг зорьж байгаа юм.

Тарифын нэмэгдэл ерөнхийлөгчийн зарлиг гарснаас 21 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд ОХУ болон Энэтхэг улсууд импортын тарифын асуудлаар Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээ явуулах боломжтой.

Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү арга хэмжээ нь “шударга бус, үндэслэлгүй” гээд, Энэтхэг улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө бүхий л шаардлагатай арга хэмжээг авах болно гэжээ.

Мөн Энэтхэгийн худалдааны салбарын мэргэжилтнүүд ч Трампын шийдвэрийг шүүмжилж, тус улсад Хятад, Вьетнам, Бангладеш улсуудаас илүү өндөр импортын татвар ногдуулж, мөн өнгөрсөн жил Хятад улс Энэтхэгээс илүү их хэмжээний газрын тос Оросоос худалдаж авсан болохыг тодотгоод байна.

Харин АНУ-ын Хүн амын тооллогын товчооны зүгээс 2024 онд Энэтхэгтэй хийсэн худалдааны алдагдал 45.8 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээлсэн байна. Америкийн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид Энэтхэг улсаас эм бэлдмэл, үнэт чулуу, нэхмэл эдлэл, хувцас зэргийг худалдаж авдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *