Өнгөрсөн “Зургаадугаар сарын 2-ны өдөр Дулааны III цахилгаан станцын 50 мегаваттын хүчин чадалтай турбин генератор дээр томоохон хэмжээний гэмтэл гарч, инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл үүнээс 2 сарын дараа буюу 8-р сарын 1-ны өдөр дахин осол гарчээ. Гэтэл осол гарснаас хойш 7 хоногийн дараа тус станцын зүгээс мэдээлэл өгч байна. Хэрэв ДЦС-3” ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө ослын бичлэг задруулаагүй бол энэ удаагийн галын осол чимээгүй дарагдаад өнгөрөх байв.
Энэ талаар “ДЦС-3” ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх дараах мэдээллийг өглөө.
Манай станц 1004 хүнтэй, 198 мегаваттын хүчин чадалтай стратегийн том эх үүсвэр. Ашиглалтад ороод 60 орчим жил болсон, насжилтын хувьд өндөр. Тоног төхөөрөмжүүдийн 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Техникийн саатал бага гардаг гэж хэлэхэд хэцүү. Жишээлбэл, энэ оны наймдугаар сарын 1-нд нэг зуух дахин гэмтсэн. Энэ бол анх удаа гарсан зүйл биш. Өнгөрсөн өвөл гэхэд л ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч, тус бүрд нь засвар хийгээд хэвийн ажиллагаанд оруулж байсан.
Сүүлийн осолтой холбоотойгоор зарим хүн дотоодоос бичлэг хийж, сенсац үүсгэж байгаа нь туйлын зохимжгүй. Ослын үед тоног төхөөрөмжийг засварлаж, хүний амь, эрүүл мэндэд анхаарч нэгэндээ туслахын оронд бичлэг хийгээд гадагш зарж тарааж, буруу ойлголт төрүүлдэг хүн хамт олны дунд байх ёсгүй гэж бодож байна.
Энэ бол үйлдвэрлэлийн дотоод үйл явц бөгөөд нийгэмд сенсац болгох зүйл биш. Бид энэ үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлж шалгуулахаар өгсөн. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн ажилладаг байх ёстой.