Трамп, Путин нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй байна


АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй байгаа талаар Америкийн The New York Times, CNN зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын эх сурвалжийг эш татан мэдээллээ.

Дээрх мэдээлэлд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа Путин, Зеленский нартай гурван талт уулзалт, яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ ч мөн “тун ойрын үед” ОХУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзах боломжтой хэмээн хэлсэн байна. Тэрээр түүний бие төлөөлөгч Стив Уиткоффын Орост хийсэн айлчлал, Путинтэй хийсэн уулзалтаас “гайхалтай ахиц дэвшил” гарсан хэмээн мэдэгдсэн юм.

Трамп мөн уулзалтын байршлыг эцсийн байдлаар тогтоогүй байгааг хэлсэн ч “дайныг эцэслэн өндөрлүүлэх боломж тун өндөр байгаа” гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мөн “Оросын тал ерөнхийлөгч Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, ерөнхийлөгч Трамп ч Путин, Зеленский нартай уулзахад нээлттэй” хэмээн хэлсэн ч уулзалтын байршлын талаар мэдээлэл хийгээгүй байна.

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ “С.Уиткофф Оросын талын гал зогсоох саналтай эргэж ирсэн, уг саналыг Украин болон Европын талуудтай хэлэлцэх болно, биднийг магадгүй олон долоо хоног үргэлжилж магадгүй маш их ажил хүлээж байгаа тул Трамп-Путины уулзалтыг зохион явуулах цаг хугацаа, товын тал дээр болгоомжтой байх хэрэгтэй” гэжээ.

Хэрвээ Трамп-Путин нарын уулзалт батлагдвал энэ нь 2021 оноос хойшхи АНУ, ОХУ-ын удирдагчдын хоорондох дээд түвшний анхны уулзалт болох юм. Тухайн үед Ж.Байден, В.Путин нар Швейцарийн Женев хотноо уулзаж байсан билээ.

Хэдийгээр ийнхүү талууд уулзахаар төлөвлөж буй мэдээлэл ил болж, цацагдаад байгаа ч Трампын Оростой худалдаа явуулдаг улс орнуудад Трампын ногдуулахаар болсон “хоёрдогч тариф”-ыг энэ сарын 8-ны өдрөөс хэрэгжүүлэх хэвээрээ байгаа гэдгийг АНУ-ын албаны эх сурвалж мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *