Хавдрын эмнэлгийн ачааллыг “Эрдэнэт медикал” үүрэлцэнэ


    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт хотод байрлалтай “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл тус эмнэлэг нь ХСҮТ-ийн салбар эмнэлэг болж байна.

   Ингэснээр улсдаа ганцхан байдаг ХСҮТ-ийн ачаалал буурч, хөдөө орон нутгийн иргэд цаг хугацаагаа хэмнэж, заавал хотод ирж хавдрын тусламж үйлчилгээ авах шаардлагагүй болов.

     Өнөөдрийн байдлаар хойд бүсийн 306 мянган иргэнээс 3500 орчим нь ХСҮТ-ийн хяналтад байдаг. Жилдээ энэ бүсээс 800 орчим иргэн хавдрын шинэ тохиолдлоор оношлогддог тоо баримт бий.

Харин улсын хэмжээнд 29.000 хүн хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэн, өвчнөө даван туулж байна. Энэ тоо жил болгон 7000-аар нэмэгддэг. Хорт хавдраар оношлуулсан хүмүүсийн 60 гаруй хувь нас бардаг. Учир нь 65-70 хувь нь хожуу шатандаа буюу 3-4 дүгээр шатандаа илэрдэг. Тиймээс ч манай улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг.

“Хавдрын” гэх ганцхан эмнэлгийнх нь ачаалал хэтрээд олон жил болж буй.  1961 онд баригдсан хавдрын эмнэлэг угтаа 10.000 хүнд үйлчлэх ёстой ч өнөөдөр 170 мянган хүнд үйлчилж буй.

10000 хүнд үйлчлэх ёстой эмнэлэг 170 мянган хүнд үйлчилж байна

    Хавдартай хүмүүс 21 хоногийн дотор багтаж химийн эмчилгээнд орох ёстой байдаг. Гэвч энэ хугацаандаа багтах нь жинхэнэ тэмцэл байдгийг ХСҮТ дээр очвол харж болно. Эмчилгээгээ хийлгэх гэж яарсан, амьдрал үхэлтэй тэмцэлдэж буй маш олон хүмүүсээс гадна хавдраа оношлуулж мэс засалд орох гэж үзүүлж яваа төчнөөн хүн бий.

Орон нутагт орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байхгүй учраас иргэд заавал хотод ирж нарийн шинжилгээнд хамрагдаж байгаа нь харамсалтай. Аймаг бүр тодосгогчтой томограф болон бусад нарийн тоног төхөөрөмжтэй бол 1000 гаруй км-ийн алсаас Улаанбаатарыг зорьж хамаг мөнгөө зарлагадахгүй сэн.

    Хойд бүсэд Хөвсгөл, Орхон, Булган аймгууд багтаж буй. Эдгээр гурван аймаг хавдрын өвчлөлөөрөө улсад дээгүүр үзүүлэлттэй байдаг. Тиймээс Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хойд бүсэд хавдрын дэд төв бий болгох нь зөв гэж үзэж Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулав. Энэ нь хорт хавдартай тэмцэж буй олон мянган иргэдэд сайн мэдээ боллоо.

   Тухайлбал хөдөө орон нутгийн иргэд хотод ирж ХСҮТ-д үзүүлэхэд урт хугацаанд байх шаардлагатай болдог. Байрлах байр, түгжрэл зэргээс гадна буцаад явж чадахгүй, мэс засалд орох өдөр, эмчилгээний цагаа хүлээж цаг хугацаа эрүүл мэндээрээ эрсдэлд ордог. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөх нь.

Хэдийгээр хойд бүс хавдрын дэд төвтэй болсноор хавдраар өвчлөгсдийн тоо буурч, ХСҮТ-ийн ачаалал өргөс авсан мэт хөнгөрч одоогийн нөхцөл байдал эрс сайжрахгүй ч ачаа үүрэлцэж, ард иргэддээ үйлчлэх өөр нэг эмнэлэгтэй болж байгаа нь сайшаалтай.

       Хавдрын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх болсон “Эрдэнэт Медикал” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *