Австрали улс ирэх 9-р сард нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөх талаар тус улсын ерөнхий сайд Энтони Албанез даваа гарагт мэдэгдлээ.
Ийнхүү Франц, Их Британи, Канад улсуудын араас Австрали улс Палестиныг албан ёсоор улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр боллоо.
Австрали улс Палестины эрх баригчдаас цэрэг зэвсгээс ангид байж, зэвсэггүйжүүлэх, бүх нийтийн сонгууль явуулах, Израилын оршин тогтнох эрхийг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх зэрэг амлалтыг авсан хэмээн Э.Албанез мэдэгдсэн байна.
Түүнчлэн Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасын засгийн газраас ирээдүйн Палестин улсын төр засагт Хамас бүлэглэл ямар нэгэн үүрэг оролцоогүй байх болно гэсэн амлалтыг авч, Их Британи, Франц, Шинэ Зеланд, Япон улсуудтай өнгөрсөн шөнө зөвлөлдсөний дараагаар Австрали улс дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.
Тэрээр “Хоёр улсын шийдэл нь Ойрхи Дорнод дахь хүчирхийллийн мөчлөгийг эвдэж, Газын зурвасын мөргөлдөөн, зовлон зүдгүүр, өлсгөлөнг зогсоох хүн төрөлхтний хамгийн сайн найдвар юм” хэмээн хэлжээ.
Палестиныг НҮБ-ын 193 гишүүн орны 147 нь өнөөдрийн байдлаар улс гэж хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд өнгөрсөн жил Испани, Ирланд, Норвеги улсууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Палестин нь НҮБ-д “байнгын ажиглагч орны” статустай байдаг бөгөөд үйл ажиллагаанд оролцох эрхтэй ч санал өгөх эрхгүй ажээ.
Харин Израилын гол холбоотон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн АНУ Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ингэх нь Хамас бүлэглэлийг шагнаж, дөвийлгөсөн хэрэг болно гэсэн Израилтай нэг ижил шалтгааныг дурьдаад байна.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Палестиныг хүлээн зөвшөөрч буй улс орнуудыг шүүмжилж, Европын улс орнууд болон Австралийн шийдвэрт урам хугарч байгаагаа хэлж, “тэднийг Мельбурн, эсвэл Сиднейд аймшигтай террорист халдлага хийх үед л та нар биднийг ойлгож, бидэнтэй ижил зүйл хийх байх” хэмээн хэлсэн байна.