Вашингтон болон Москвагийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Трамп-Путины уулзалтын тов, байршлыг албан ёсоор зарласнаас хэдхэн цагийн дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орост Украины газар нутгаас тасдаж өгөх аливаа энхийн төлөвлөгөөг эсэргүүцэх болно гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдэл хийж, энэ сарын 15-ны өдөр Аляска мужид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, энхийн гэрээний асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украины газар нутгийн асуудлыг хөндсөн юм.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский 9-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ “Украинчууд эзлэн түрэмгийлэгчдэд газар нутгаа өгөхгүй. Энх тайванд хүрэх замыг Украин улстай хамт тодорхойлох ёстой. Бидний оролцоогүй болон бидний эсрэг аливаа шийдвэр нь энхийн эсрэг шийдвэр байх учраас энэ дайн бидэнгүй, Украин улсын оролцоогүй дуусах боломжгүй” гэжээ.
Мөн тэрээр “Украиныг хагалан бутаргах оролдлого дахин давтагдах ёсгүй. Энэ дайныг аюулгүй байдлын тодорхой, найдвартай тогтолцоонд суурилсан, нэр төртэй байдлаар дуусгах ёстой. Мөн ОХУ эхлүүлсэн дайнаа өөрөө дуусгах ёстой” хэмээн нэмж хэлсэн байна.

Энэ үеэр мөн Америкийн хэвлэлүүд Аляскт зохиогдох Трамп-Путины уулзалтад Украины Ерөнхийлөгчийг урих асуудлыг Цагаан ордон авч үзэж байгаа талаар өнгөрсөн амралтын өдрүүдээр мэдээлжээ. Америкийн “NBC News” суваг, мөн “Ройтерс” агентлаг Цагаан ордны албаны эх сурвалжийг эш татан мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Аляскт гурван талт уулзалт явуулах тал дээр нээлттэй байгаа хэдий ч одоогийн байдлаар түүнтэй уулзахаар зөвшөөрсөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хүсэлтээр хоёр талт уулзалтыг л зохион байгуулахаар төлөвлөж, бэлдэж байгаа гэжээ.
Он гарсаар Туркийн Истанбул хотод ОХУ, Украины хооронд энхийн асуудлаарх гурван шатны яриа хэлэлцээ явагдсан ч олзны хоригдол цэрэг болон цогцос харилцан солилцохоос өөр дорвитой үр дүнд хүрээгүй билээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ цаг мөчид В.Зеленскийтэй уулзахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Путинтэй, мөн АНУ-ОХУ-Украины гурван талт чуулга уулзалт явуулахыг уриалсаар байгаа юм.
Аляскт зохиогдохоор болсон Трамп-Путины уулзалт нь 2021 оноос хойших АНУ, ОХУ-ын төрийн тэргүүний анхны уулзалт болох гэж байгаа. Кремль уг уулзалтын байршлыг “Орос, Америкийн хилийн дагуу, мөн хоёр улсын эдийн засгийн ашиг сонирхол огтлолцдог байршил” хэмээн тодотгосон бол В.Зеленский “Манай газар нутаг дээр, ард түмний минь эсрэг хийж буй дайнаас их хол газар сонгосон” хэмээн шүүмжилжээ.
Москва дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг ОХУ-д айлчлахыг урьсан байна. Трамп, Путин нар хамгийн сүүлд 2019 онд Япон улсад зохиогдсон “Их-20”-ийн чуулга уулзалтын үеэр уулзсан юм. Харин Трампыг ахин АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш тэд хэд хэдэн удаа утсаар холбогдон, Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар ярилцсан ч мөн л тодорхой шийдэлд хүрч чадаагүй билээ.