“SG Apes” дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж чадах уу


Монголын сагсанбөмбөгийн холбооны 2025-2026 оны улирлын Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-ний өдөр хөшгөө нээнэ. Лигийн шинэ улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд багууд шинэ бүрэлдэхүүнээ зарлаж, тамирчдын шилжилт хөдөлгөөн эрчимжиж байна.

     Энэ зун хамгийн сайн ажилласан баг яах аргагүй “SG Apes”. Тус багийн гэнэтийн бэлэг дуусаагүй гэдгийг багийн эзэн О.Мөнхжин мэдэгдээд буй. Тэд хамгийн эхэнд Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, туршлагатай мэргэжилтэн Хосе Нетогоор багаа удирдуулахаа зарласан. Өдгөө 54 настай Хосе Нето 2005 оноос Бразилын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ерөнхий дасгалжуулагчаар, 2019 оноос Бразилын эмэгтэй шигшээ багийг удирдаж байсан нэгэн.

Харин өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай нарын гурван тамирчин гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болсон. Тэдний оронд хэн гэдэг тоглогчдыг багтаа авах бол гэсэн асуултын хариулт тодорхой болов. Үндсэндээ “Apes” ур чадвартай, туршлагатай, тоглолтын арга барилаараа тэсрэлт хийдэг тамирчдаар хүчээ зузаатгаад байна.

Залуу арслан “Apes”-ын хүчийг нэмнэ

Бөхийн удамтай Г.Дөлгөөн сагсан бөмбөгийн ертөнцөд өсөж яваа залуу тамирчин. Тэр бол Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү юм. 203 см өндөр, төвийн тоглогчийг Монголын лигтээ тоглоосой гэж олон хүн хүссэн. Тэрхүү хүсэл ч биелж “SG Apes” багийн нэрээр тоглохоор боллоо. Тэрээр өнгөрсөн улиралд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багт дуудагдаж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн. Залуу арслангийн хүч багт том тус нэмэр нь болох гарцаагүй.

King Ganaa” лигтээ эргэн ирлээ

Эрдэнэт майнерс” багийн тоглогч байсан, Үндэсний дээд лигийн 2022-2023 оны аварга Г.Ган-Эрдэнэ буюу King Ganaa “SG Apes” багтай хоёр жилийн гэрээ байгууллаа.Тэр дээд лигт түрүүлэхдээ хамгийн залуу тамирчин байсан төдийгүй 3х3 төрлийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн 2020 оны сагсанбөмбөгийн ур чадварын Дэлхийн аварга, Үнэ цэнтэй тоглогч юм. King Ganaa өнгөрсөн хугацаанд АНУ-д сагсанбөмбөгөөрөө суралцсан. Сагсны эх оронд гэгддэг Америкаас юу сурснаа, энэ улиралд үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ харуулах нь.

 Тэднээс гадна Үндэсний дээд лигийн гурван удаагийн аварга, 2015 оны MVP, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт, ур чадвар, туршлага зузаан Муушуу буюу Д.Мөнхтүвшин тус багтай гэрээ байгуулснаас гадна “Завхан Brothers” багт тоглож байсан хүчний тоглогч У.Чингүүн уг багт хүчин зүтгэхээр болсон.

Ингэснээр “Apes” будагтай талбайд хамгийн хүчирхэг багийн нэг болоод байна.

Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс багийн ахлагч М.Өлзий-Орших, Э.Мөнхбаяр, Н.Эрдэнэ, Б.Тулуй, Г.Цэлмэг, Э.Баярт-Эрдэнэ нар буй.

    Үүн дээр импорт тоглогчдын орон зай нэмэгдэнэ. Гарааны тавд гэхэд Г.Дөлгөөн, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Б.Тулуй, Э.Мөнхбаяр нарын тамирчныг нэрлээд байгаа юм. Одоо “Apes”-т ганц зүйл дутуу байгаа нь “Үндэсний дээд лигийн аварга” цол. Өмнөх улирал харамсалтайгаар плэй-оффоос гэртээ харьсан тэд энэ улиралд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхээр хүчээ зузаатгаад байна.

    Мэдээж ур чадвартай тамирчдыг эгнээндээ нэгтгэж, туршлагатай дасгалжуулагч, мэргэжилтнүүдтэй хамтрах, бэлтгэлийн бааз, тоног төхөөрөмж, тамирчдын цалин хөлсөд санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт маш чухал.

Тиймдээ ч “SG Apes” баг өнгөрсөн жил “Шунхлай” групптэй хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, өмнөх улиралд плэй-офф хүртэл өрсөлдсөн. Тэгвэл энэ жил илүү хүчтэй эргэн ирж байна. Санхүүгийн тогтвортой дэмжлэг нь зөвхөн нэг багийг хүчирхэгжүүлэх бус лигийн өрсөлдөөнийг нэмэх, сонирхолтой болгох нэг түлхүүр.

Тун удахгүй бид хүчээ зузаатгаж, илүү хүчтэйгээр эргэн ирж буй “SG Apes” багийн тоглолтыг харах нь. Тэд бидэнд юу харуулах бол?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *