БНСУ-ын Ерөнхийлөгч Хууль зүйн сайд асан Чо Гукт өршөөл үзүүлжээ


БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн тус улсын Хууль зүйн сайд асан Чо Гукт өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газар даваа гарагт зарласан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийн засаглалын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Чо Гук хамаатан саднуудтайгаа холбоотой элдэв асуудлын улмаас сайдын албаа өгч байсан бол өнгөрсөн оны 12-р сард төрсөн хүүгээ хууль бус аргаар их сургуульд оруулсан гэх зэрэг олон луйврын хэргээр 2 жил хорих ял авч, шоронд орсон юм. 

Түүнчлэн тэрээр “Солонгосын дахин босголт” намыг тэргүүлж, өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргааг хурцаар шүүмжлэгчдийн нэг байсан.

Тэгвэл Өмнөд Солонгосын шинэ төрийн тэргүүн И Жэ Мюний алба Ерөнхийлөгчийн анхны өршөөлийг Хууль зүйн сайд асан Чо Гукт үзүүлж, түүнийг энэ сарын 15-ны өдөр суллахаар болсон байна.

Чо Гукийн хамт мөн дайны үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх төрийн бус байгууллагын тэргүүн асан Юн Ми Хянд өршөөл үзүүлжээ. Юн Ми Хян тус ТББ-ын хандивын мөнгийг шамшигдуулсан болон бусад хэргээр өнгөрсөн оны 11-р сард тэнсэн харгалзах ял сонссон юм.

Дээрх хүмүүст өршөөл үзүүлсэн явдал нь хууль дээдлэх ёсыг үгүй хийж, сүйрүүлж байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжлээд байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *