2026 оны төсвийн төсөлд олон нийтээс авах санал хураалт наймдугаар сарын 01-ний өдрөөс E-Mongolia системээр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв.
Тэрээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэв.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын гишүүн бүр санаачилгатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэжээ. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийх бодлого яаралтай боловсруулж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болгосон байна.