Энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Аляска мужид Д.Трамп, В.Путин нарын уулзалт явагдахаар болж, хоёр их гүрний удирдагчид гал зогсоож, дайныг өндөрлүүлэх асуудлаар явагдах яриа хэлэлцээнд бэлдэж байна.
Тэгвэл энэхүү уулзалтад уригдаагүй Украины ерөнхийлөгч В.Зеленский удаа дараа мэдэгдэл хийж, Путиныг шүүмжлэн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриаллаа.
В.Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдээ мөн өдөр Украины Запорожье хотод үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 20 хүн шархдсан болохыг дурьдан, Оросууд аллагаа зогсоохыг хүсэхгүй байна хэмээн буруушааж, гал зогсоохыг уриалах, гал зогсоох хугацаа тогтоох зэрэг нь ямар ч утгагүй болохыг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, “Оросын талаас энх тайвны төлөө бодитой алхам хийгдээгүй, хуурай газарт болон агаарт хүний амь нас аварч чадах ямар ч үйлдэл гараагүйг бид бүгд харж байна, тийм учраас Оросын эсрэг хориг арга хэмжээ, дарамт шахалт л хэрэгтэй” гэжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ түүний Путинтэй хийх гэж буй уулзалт бол “уур амьсгал, нөхцөл байдлыг мэдрэх уулзалт” гэдгийг хэлж, мөн уулзалтын үеэр Путинд “энэ дайныг зогсоох хэрэгтэй, дайнаа зогсоо” гэж хэлэх болно гэв. Мөн тэрээр яриа хэлэлцээний шатанд Орос, Украины талаас газар нутгийн асуудал яригдах болно, хоёр талд ашигтай ч зүйл бий, ашиггүй ч зүйл бий гэжээ.
Д.Трамп мөн Путинтэй хийсэн уулзалтын талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчдад танилцуулахаа хэлж, өөрийгөө байлцуулан Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулахыг хүсэж байгаагаа хэлсэн байна.