Иракт хэт халсны улмаас үндэсний хэмжээнд цахилгаан тасарчээ


Ирак улсад хэт халснаас үүдэн, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгджээ. Үүний улмаас даваа гарагт тус улс даяар цахилгаан тасарчээ.

Иракийн эрх баригчдын мэдэгдсэнээр даваа гарагт агаарын хэм Цельсийн +50 градус давж, агааржуулагч, хөргүүр, сэнс ажиллуулах гэх зэргээр цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор цахилгааны сүлжээ ачааллаа дийлээгүй байна.

Муслим шашны шийт урсгалын баярыг тохиолдуулан олон сая мөргөлчин ирж буй Вавилон, Карбала мужид агаарын хэм хэт өндөрсөж, хэрэглэгчдийн цахилгааны ачаалал нэмэгдсэний улмаас цахилгаан дамжуулах хоёр шугам хаагджээ. Үүний дараа Иракийн Эрчим хүчний яам “Улс даяар цахилгаан тасалдсан” гэж мэдэгджээ. Тус яамны мэдэгдэлд “Цахилгааны дамжуулах сүлжээнд гэнэтийн, санамсаргүй байдлаар 6000 гаруй мегаватт эрчим хүч алдагдаж, цахилгаан станцууд зогсонги байдалд орсон” гэжээ.

Эрх баригчид өмнөд хэсгийн Дхи Кар, Майсан мужид эрчим хүчийг үе шаттайгаар сэргээж эхэлсэн байна. Стратегийн боомт болох Басра хот мягмар гаргийн өглөө цахилгаантай болно гэж мэдэгджээ.

Иракт цахилгааны хомсдол байнга гардаг. Зуны улиралд цахилгаан тасалдах үед эсэргүүцлийн жагсаал хүртэл болдог юм. Хамгийн сүүлд 2021 оны зун мөн хэт халсны улмаас хэрэглээ нэмэгдсэнээр орон даяар цахилгаан тасалдаж байжээ.

Цахилгааны хэт хэрэглээнээс үүдэлтэй тасалдлаас сэргийлэх үүднээс Ирак улс ойролцоогоор 55.000 мегаватт цахилгаан үйлдвэрлэх шаардлагатай. Гэвч энэ нь тус улсын эрчим хүчний салбарын хувьд маш хэцүү даалгавар юм. Энэ сард тус улсын цахилгаан станцууд анх удаа 28.000 мегаваттын босгыг давсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *