Азербайжан улсын нийслэл Баку хотноо Олон улсын эдийн засгийн олимпиад ( IEO-2025) болж өндөрлөлөө. Эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг тус олимпиад энэ жил найм дахь удаагаа боллоо. Энэ удаагийн олимпиадад Дэлхийн 53 орны 258 сурагч танхим болон цахим хэлбэрээр багийн болон хувийн төрөлд өрсөлджээ.
Уг олимпиадад Үндэсний олимпиадаас шалгарсан 5 хүнтэй баг Монгол Улсаа төлөөлж оролцсон юм. 12 дугаар ангийн сурагч С.Хос-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Р.Ананд нар хүрэл медаль, С.Энэрэл тусгай байр эзэлжээ. Эл амжилтаар Монгол Улс 53 орноос 23 дугаар байрт жагссан байна.
