Даваа гарагт Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дэд захирал Иран улсад ажлын айлчлал хийх талаар ням гарагт Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдсэн байна.
ОУАЭХА-ийн дэд тэргүүний Иран улсад хийх айлчлал нь хоёр талын харилцааг сэргээхэд чиглэгдсэн ба тэрээр цөмийн байгууламжид шалгалт хийхгүй гэж Ираны гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Аббас Арагчи хэлэхдээ “бид хамтын ажиллагааны шинэ тохиролцоонд хүрэхээс нааш ямарваа нэгэн хамтын ажиллагаа байхгүй бөгөөд шинэ тохиролцоо нь Ираны парламентаас баталсан хуульд үндэслэх нь гарцаагүй” гэжээ. Тэрээр Иран улс цаашид ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа эргэн сэргээж, хамтарч ажиллах эсэхийг Иран улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн зөвшөөрлөөр шийдэгдэх болно гэдгийг тодотгосон байна.
Өнгөрсөн 6-р сард 12 хоногийн хугацаанд үргэлжилсэн Израил-Ираны дайны дараа буюу 7-р сарын 3-нд Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Иран улсыг ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа зогсоохыг тушаасан юм.

Ираны гадаад хэргийн сайд ням гарагт хийсэн мэдэгдэлдээ мөн Иран улс Европын орнуудтай харилцаагаа үргэлжлүүлж байгаа хэдий ч Их Британи, Франц, Герман зэрэг орныг цөмийн хэлэлцээрт оролцогч талууд гэж үзэхээ больсныг онцолж, Иран болон дээрх Европын гурван улсын хооронд хийх дараагийн шатны хэлэлцээний тов хараахан тодорхой болоогүй гэжээ.
Эргэн сануулахад, Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф 6-р сарын 26-нд мэдэгдэхдээ, Ираны Үндсэн хуулийг сахин хамгаалах зөвлөлийн зөвшөөрлөөр Иран-ОУАЭХА хоорондын хамтын ажиллагааг түр зогсоох хуулийг мөн өдөр албан ёсоор нийтэлсэн юм. Иран цөмийн байгууламжуудынхаа аюулгүй байдлыг хангах хүртэл тус агентлагтай бүх хамтын ажиллагаагаа зогсооно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.