Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон тэмдэглэн өнгөрүүлж буй.
Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицер бүрэлдэхүүний спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин боулинг, дартс, буудлага, бильярд гэсэн 4 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны зааланд боллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян“Энэ он бол ахлах офицеруудын удирдан зохион байгуулах чадвар, сахилга бат, ёс зүй, мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд гаргаж, алба хаагч бүрийн үлгэр дууриалал, манлайллыг бэхжүүлэх онцгой жил юм. Ахлах офицер бүрэлдэхүүүний дунд анх удаа зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ нь алба хаагчдын бэлтгэлжилт, хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл билээ. Гаргасан амжилт, туулсан сорилт бүр нь байгууллагынхаа нэр төр, Монгол цэргийн сүр хүчийг илтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


