Т.Ням-Очир: 8 дугаар сарын 25 гэхэд сурах бичгийг сургуулиудад хүлээлгэж өгнө


Боловсролын ерөнхий газар өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-8 дугаар сарын 25 гэхэд сургуулиудад сурах бичгийг хүргэхээр цаг хугацаагаа тооцоод ажиллаж байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол буюу 1-5 дугаар анги сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд 2025 оны 1 дүгээр сарын 16-нд тушаал гарган, сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны зардлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, шинэ сурах бичиг хэвлүүлэх зардлыг БЕГ хариуцахаар болсон.

Цэцэрлэг, 1-2 дугаар анги шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Харин 3, 4, 5 дугаар анги хуучин хөтөлбөрөөр хичээллэнэ.

8 дугаар сарын 25 гэхэд бага ангийн сурах бичгийг сургуулиудад 100 хувь хүргэнэ. Тодруулбал 1-5 дугаар ангийн 1,817,398 сурах бичгийг 4,1 тэрбум төгрөгөөр хэвлэж байна. Харин 6-12 дугаар ангийн сурах бичгийг эцэг, эх хүсвэл худалдаж авч болно. Эсвэл номын сангаар дамжуулж түрээсэлж болно. Мөн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй ашиглаж болно. Ийм гурван хувилбар бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *