Финланд улс кабелийн утас гэмтээсэн хэрэгт газрын тос тээвэрлэгч ачааны усан онгоцны багийг буруутгав


Финландын прокурорууд Балтийн тэнгисийн доогуурх кабелийн утсыг тасдаж гэмтээсэн хэрэгт газрын тос тээвэрлэгч ачааны хөлөг онгоцны багийн хоёр гишүүн болон ахмадыг буруутгажээ.

Балтийн тэнгисийн усан доогуур Финланд болон Эстони улсуудыг холбодог цахилгаан эрчим хүч болон харилцаа холбооны шугамын 5 кабелийг ачааны усан онгоцны хүнд зангуугаар чирэн тасдсан дээрх хэрэг явдал өнгөрсөн оны 12-р сард болсон юм.

Финландын прокурорууд дээрх хэрэгт Күүкийн арлуудын туг далбаа бүхий ачааны усан онгоцны багийн гишүүдийг ахмадын хамт буруутгаж, тус улсад эрчим хүч, харилцаа холбооны ноцтой хохирол учруулж, тэдгээр шугамын кабелиудыг эзэмшигчдэд эдийн засгийн томоохон гарз хохирол учруулсан болохыг хэлсэн байна.

Прокуроруудын зүгээс хэрэгт буруутгагдсан хөлгийн багийн гишүүд болон ахмадын иргэншлийг нууцалж, олон нийтэд ил болгоогүй байна.

Харин хэрэгт буруутгагдсан яллагдагч этгээдүүд Финландын прокуроруудын дээрх мэдэгдлийг няцаан үгүйсгэж, хэрэг явдал Финланд улсын нутаг дэвсгэрт (усан хилээс гадна) болоогүй учраас тус улсад энэ хэргийг харьяалах эрх байхгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Балтийн тэнгист үүнтэй ижил төстэй хэд хэдэн хэрэг явдал гарсан бөгөөд усан доогуурх эрчим хүч, харилцаа холбооны шугамуудыг мөн ОХУ-ын зүгээс зориудаар гэмтээсэн байж болзошгүй гэсэн хардлага байгаа тул НАТО-гийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд орж, хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *