Өнгөрсөн 6-р сард буудуулсан Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мигель Урибе нас баржээ


Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, парламентын гишүүн, улс төрч Мигель Урибег нас барсан талаар даваа гарагт түүний эхнэр мэдээлсэн байна.

Түүний эхнэр Мариа Клаудиа Таразона “хайр дүүрэн амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа, чи үүрд миний үнэнч хайр байх болно, тайван нойрс доо хайрт минь, би үр хүүхдүүдээ сайн харж хандах болно” хэмээн өөрийн Инстаграм хуудсандаа бичжээ.

Мигель Урибе ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд өнгөрсөн 6-р сарын 7-ны өдөр нийслэл Богота хотын нэгэн дүүрэгт иргэдтэй уулзалт хийх үеэрээ буудуулсан юм.

Тэрээр гурван суманд оногдсоны хоёр нь түүний толгойн тус газарт тусч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр сар гаруй хугацаанд эмчлүүлсний дараа ийнхүү 39 насандаа таалал төгсжээ.

Олон тооны мэс заслын дараа буюу өнгөрсөн сарын дундуур түүний эрүүл мэндийн байдал дээрдэж, тархины нөхөн сэргээх эмчилгээг эхлүүлээд байсан боловч тархинд нь дахин цус алдалт өгсний дараа түүний биеийн байдал хүндэрсэн талаар өнгөрсөн бямба гарагт түүнийг эмчилж буй эмнэлгийн зүгээс мэдэгдэж байжээ.

Эрх баригчид Мигель Урибегийн амь насанд халдахыг оролдсон хэрэгтэй холбогдуулан 6 сэжигтэнг баривчилсны дотор түүнийг буудсан 15 настай өсвөр настан мөн багтсан юм. Мөн уг хэргийн цаана өдгөө үйл ажиллагаа нь зогссон, салан тусгаарлах үзэл бүхий Колумбын босогчдын ФАРК бүлэглэл байж болзошгүй байгаа ажээ.

“Өнөөдөр манай улсын хувьд гунигт өдөр тохиолоо” хэмээн Колумбын дэд ерөнхийлөгч Франсиа Маркез даваа гарагт өөрийн Х хуудсандаа бичжээ. Тэрээр “манай улсын хувь заяаг хүчирхийллийн арга хэлбэрээр шийддэг явдлыг үргэлжлүүлэхийг тэвчихгүй, ардчиллыг цус урсгаж байгуулдаггүй, ардчиллыг харилцан хүндлэл, яриа хэлэлцээгээр байгуулдаг” гэжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн Мигель Урибе нас барсан явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, АНУ гашуудан харуусаж буй талийгаачийн гэр бүл, Колумб улсын ард түмэнтэй хамт байгааг хэлж, түүний үхэлд буруутай хүмүүст хариуцлага тооцож, шударга ёсыг нэхэмжилж байгааг онцолсон байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *