Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор Н.Мөнхцэцэг Академи хоорондын түншлэл (The InterAcademy Partnership (IAP)) олон улсын байгууллагын удирдлагын сонгуульд оролцож, Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хорооны гишүүнээр сонгогдлоо.
Академи хоорондын түншлэл (IAP) нь боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилан шийдвэрлэхэд чиглэсэн, үндэсний, бүс нутгийн болон олон улсын нийт 153 шинжлэх ухааны академийг нэгтгэсэн хамтын ажиллагааны томоохон сүлжээ байгууллага юм. Монгол Улсын ШУА уг байгууллагын гишүүн бөгөөд шинжлэх ухааны олон салбар чиглэлд гишүүн орнуудтай хамтран ажилладаг.
Энэхүү олон улсын байгууллагын Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хороо нь шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэгтэй.
Доктор Н.Мөнхцэцэг Энэтхэг, Финланд, Австри улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, олон жилийн турш хэл шинжлэл, нэр томьёо судлал, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилласан судлаач юм. Тухайлбал, өөрийн судалгааны чиглэлээр 12 оронд олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж, “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” олон улсын хурлыг санаачлан 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, 2024 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор амжилттай зохион байгуулсан.
Мөн Олон улсын ISO TC 37 Language and Terminology техникийн хорооны гишүүн, олон улсын нэр томьёоны байгууллага Infoterm-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Австрийн Вений их сургуулийн Орчуулга судлалын төв, Австрийн ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв, олон улсын Infoterm-ийн судлаачидтай хамтарсан төсөл санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн, хүрээлэнгээ 2018 онд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнг 2022 онд олон улсын нэр томьёоны байгууллага Infoterm-ийн гишүүн байгууллагаар тус тус элсүүлсэн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн юм.
Доктор Н.Мөнхцэцэгийн Академи хоорондын түншлэл (IAP)-ийн Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хороонд сонгогдсон энэхүү боломж Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаа болон Монгол эрдэмтдийн олон улсад байр сууриа бэхжүүлж, шинжлэх ухааны бодлого, боловсрол, олон нийттэй харилцах үйлсэд манлайлан оролцох шинэ үүд хаалгыг нээж байгаа чухал үйл явдал юм.
Та бүхэн доорх холбоосоор холбоотой мэдээллийг үзэх боломжтой. https://www.interacademies.org/news/interacademy-partnership-iap-announces-its-new-leadership-3-year-term-starts-december-2025