Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорч, Монгол Улсын арслан цол хүртсэн, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнайгийн цолны мялаалга наадам өнөөдөр Дуурсахын хөндийд болж байна. Мялаалга наадмын 128 хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй 10 улсын цолтон барилдаж байна. Харин зүүн, баруун талыг Д.Хүдэрбулга заан, харцага Н.Золбоо нар манлайлан зодоглож байгаа юм.
Уг барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн бөх тус бүр 1.5 сая төгрөг хүртэнэ. Харин гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөх 150 мянган төгрөг авна.