БНСУ-ын Ерөнхийлөгчийн алба өдөр тутмын мэдэгдэл, мэдээлэл хийхдээ албан ёсоор дохионы хэлмэрч ашигладаг болж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн алба анх удаагаа ийнхүү сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж, дохионы хэлмэрчийг давхар байлцуулан, мэдээллээ хүргэж эхлэхээр боллоо.
Саяхан БНСУ-д албан айлчлал хийсэн Вьетнамын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мюн нарын дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр дохионы хэлмэрчийн үйлчилгээг анх удаа ашигласан байна.
Үүний дараа Ерөнхийлөгчийн алба албан ёсны бүхий л мэдэгдэл, мэдээлэлдээ энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо зарлаж, бусад томоохон арга хэмжээнд ч нэвтрүүлэхээ онцоллоо.
“Дохионы хэлний орчуулга нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн мэдээллийн хүртээмжийг сайжруулж, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн албанаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.